Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн Газрын албанаас явган хүний зам чөлөөлөх арга хэмжээг сайн зохион байгуулж байх шиг байна. Хүмүүс “Туушиндах” гэж хүртэл нэрлээд амжсан байна. Энэ ажил цаашдаа яаж үргэлжлэх вэ?

-Манай алба нийтийн эзэмшлийн зам талбай ямар байх ёстой вэ, хаана, ямар байршилд явган хүний зам нэн тэргүүнд хэрэгтэй байна вэ гэдэг судалгааг гаргасан. Ер нь нийслэл хот маань эзэнгүй мэт, ямар ч явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Гэхдээ сүүлийн жилүүдэд “Туушин” зочид буудлаас эхлээд явган хүн зорчих ямар ч боломжгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд шат, хашаа барьдаг байдал гаарсан. Иймээс бид Нийслэлийн Засаг даргад саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга ч маш зоригтойгоор энэ ажлыг эхлүүлэх боломжийг бий болгосон. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад энэ ажлыг эхлүүлсэн.

Хамгийн эхэнд “Туушин” зочид буудалд 10 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн боловч явган хүний замыг чөлөөлөөгүй учраас шууд албадан буулгалтыг хийсэн. Үүний дараагаас залгуулаад 11 байршилд 20 гаруй хашаа, өргөтгөл, шат зэргийг буулгасан. Эхний буулгалтаас эхлээд иргэдийн зүгээс маш их дэмжиж манайд хүсэлтүүдээ ирүүлж эхэлсэн. Иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдээс нэн тэргүүнд явган хүний зам гаргах шаардлагатай байгаа газруудын судалгааг нарийвчлан гаргаад 15 гаруй байршилд 40 гаруй хашаа, хайс, хаалт зэргийг шат дараатай буулгахаар ажлаа төлөвлөөд байна.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга явган хүний зам аяны ажлын хэсгийг хуралдуулж, цаашид энэ арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр эхний ээлжинд иргэдээс ирүүлсэн 15 байршилд, цаашлаад иргэдээс ирүүлж байгаа хүсэлтүүдийг хүлээн авч газар чөлөөлөлтийн ажлыг эрчимтэйгээр хийхээр төлөвлөөд байна. Буулгалтын төсөв хөрөнгийг ч ирэх оны төсөвт суулгаж, чөлөөлөлтийн ажлыг дэмжинэ гэдгээ хотын дарга хэлсэн. Тийм болохоор нийслэл хотод явган хүний зам талбайг гаргах ажил ирэх хавраас эрчимтэйгээр хийгдэнэ.

-Аливаа ажлыг хийгээд эхлэхээр эерэг, сөрөг хандлагууд дагалддаг. Гэнэт ухаан орсон юм шиг, сонгууль дөхөхөөр л ингэдэг гэх мэт сөрөг хандлагууд ч гарч байгаа харагдсан. Өмнө нь хийж болоогүй ажил уу?

-Төрийн байгууллага оногдсон ажлаа хууль, эрх зүйн хүрээнд л хийдэг. Энэ дагуу албан байгууллагуудад хуулийн дагуу хугацаатай мэдэгдэх хуудсаа өгөөд хугацаандаа газраа чөлөөлөхгүй бол албадан буулгалтыг хийж байна.

Явган хүний зам аяны хүрээнд иргэдээс сөрөг хандлага тун бага гаргаж байна гэж би харж байгаа. Үнэхээр манайд нөхцөл байдал хүндэрсэн байгаа учраас иргэд харин ч их дэмжиж байна.

Дээр нь сайн дураараа хашаагаа татаж, бидний ажлыг дэмжиж байгаа иргэд ч байна. Хамгийн наад захын жишээ дурдахад, Хан-Уул дүүрэгт байрлах “Грийн хаус” хотхоны хоёр иргэн санаачлагаараа хашаагаа татаж иргэдэд 1.5 метр явган хүний зам гаргаж өгч байх жишээтэй. Тэдэнд ч бас талархах хэрэгтэй.

Энэ мэтийн олон сайхан үлгэр жишээ болохоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд байгаагаас харахад иргэдэд маш хэрэгтэй ажил болж байна гэж бодож байна. Би өөрөө иргэн хүнийхээ хувьд ч явган алхах, зуны дэлгэр цагт ажил гэр хоёрын хооронд дугуйтай явах хүсэлтэй л байдаг. Тэр боломжуудыг бүрдүүлчих юм сан гэж боддог. Цаашид энэ явган хүний зам гарц гаргаж байгаа шиг ажлуудыг 2019, 2020 онуудад ч эрчимтэй хийнэ.

-Худалдаа хөгжлийн банк, Туушин гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүдийн хашаа, шатыг буулгачихна гэсэн төсөөлөл иргэдийн дунд байхгүй байх шиг байсан.  Тэдэнтэй яаж ойлгоцов?

-“Туушин” зочид буудлын өмнөх шатыг буулгаж эхлэхэд бага зэргийн эсэргүүцэл гарч байсан ч тухайн компанийнхантай харилцан ярилцаж, ойлголцсоны дараагаар нөхцөл байдлаа ухамсарлаад явган хүний зам тайлбагаа өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээж, тохижуулахаар шийдвэр гаргасан. Худалдаа хөгжлийн банк бол барилгын ажил хийгдэх зайлшгүй шаардлагаар явган хүний замыг түр хугацаагаар хааж шугам сүлжээний ажил хийсэн юм байна лээ.

Манай зүгээс явган хүний зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж, тухайн компаниас хэлсэн хугацаандаа хашаагаа татахад хяналт тавьж ажилласан. Тухайн компани хэлсэн хугацаандаа явган хүний замыг гаргаж, өөрсдийн хөрөнгөөр тохижуулах ажлыг хийж байгаа. Түүнээс гадна хажуугийн 14 дүгээр байрны иргэдэд зориулж хашааны ард талд нь орц, гарц гаргуулах ажлыг ч мөн хийсэн.

-Одоо иргэдийн ирүүлсэн санал, хүсэлт дунд Туушин шиг ийм зоригтой, шийдвэрүүд гаргаад буулгах ямар газрууд байна вэ?

-Сая дипломатуудын байрны ард байрлах ГХЯ-ны нэр дээрх газрыг НЗД-ын захирамжаар хүчингүй болгосон. Энэ хашаанд ухсан барилгын нүхийг шороогоор булж, хашааг нь буулгалаа. Тухайн хэсгийн хашааг буулгаснаар маш том зай талбай гарч, үзэгдэх орчин хязгаарласан байсан нь нээгдэж тэр хэсэг саруулхан болсон. Одоо тэнд байгаа авто замыг өргөсгөж, үлдсэн талбайг тохижуулах ажил хийгдэнэ.

Мөн ойрын хугацаанд 2 дугаар дунд сургуулийн баруун хойно байрлах 2 дугаар байрны явган хүний зам дээр баригдсан өргөтгөл, 52 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 33 дугаар байрны 1 давхрын мөн явган хүний зам дээр баригдсан өргөтгөлүүдийг буулгахаар төлөвлөөд байна.

Түүнээс гадна төрийн байгууллагууд өөрсдөө бусдад үлгэр жишээ байх ёстой гэдэг үүднээс ойр орчны хэсэгтээ явган хүний зам талбайг чөлөөлөх уриалга гаргуулахаар санаачлаад судалгааны ажлууд хийж байна.

-Одоогийн байдлаар 40 гаруй саналыг хүлээн аваад газар чөлөөлөлтийг хийнэ гэж байна. Цаашдаа энэ ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Манай дээр LM гээд шинэ программ нэвтэрч эхэлж байна. Үүнтэй уялдуулаад манай алба дотооддоо LURS гэх програмыг мөн нэвтрүүлж эхэллээ. Уг програмд манай албанд бүртгэлтэй гэрээ, гэрчилгээ авсан бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, сансрын зураг дээр одоо байгаа мэдээллээ давхцуулж үзээд илүү талбай хашсан болон бусад бүх зөрчил гарч ирнэ. Ингээд зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлээд зөрчлийг арилгах цэгцлэх ажлууд хийнэ гэсэн үг. Үүний хажуугаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийг ч мөн хүлээн авч зөрчил арилгах ажлыг давахаар хийгээд явна.

-Гэр хороолол, зуслан гээд бүх л газруудад зөрчил арилгах арга хэмжээ хийгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Өнгөрсөн хавраас зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгах арга хэмжээг эхлүүлсэн. Зуслангийн айлууд маань ямар ч орц, гарцгүй, машинтай битгий хэл явган хүн ч гэр лүүгээ ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Тиймээс тухайн хэсгийн айл өрхүүдтэй уулзаж, харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хашаануудыг татуулж орц, гарц гаргуулах ажлыг хийсэн. Нэг айлын хашааг татуулж чадсанаар цаана нь байгаа 9-10 айлын орц, гарц нээгдэж байх жишээтэй. Түүнээс гадна би ч, та ч зусланд гарч байгаагийнх ой мод руу орж алхаж байж зусланд байгаа мэдрэмжийг авдаг шүү дээ. Гэтэл ой модыг хаагаад хашаа барьснаас болоод иргэд хол алхах эсвэл хашаа давах, эсвэл ой мод руу орохгүй байх нөхцөл байдал үүсдэг. Ийм байж болохгүй гэж боддог юм. Тиймээс иргэдэд зориулсан ой мод руу гарах гудамжууд, орц гарцуудыг гаргах ажлуудыг ч хийж байгаа.

Энэ ажил гэр хороололд ч гэсэн хийгдэнэ. Нийслэлийн Засаг дарга 2016 онд гэр хорооллын суурьшлын бүсийг тогтоож өгсөн. Энэ бүсээс цааш шинээр газар олгохгүй. Энэ доторх газартай холбоотой бүхий л асуудлыг цэгцлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсийн газар өмчлөл 85 хувьтай болсон байна. Одоо бид үлдсэн 15 хувийг 2019, 2020 онуудад өмчлүүлээд дуусгахаар зорилт тавиад ажиллаж байна. Улаанбаатар хотод гэр хорооллын бүх газрыг цэгцэлнэ.

-Хийж амжих уу?

-Амжина. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн гэр хорооллын газар өмчлөл 85 хувьтай хийгдчихээд байна. Тиймээс үлдсэн 15 хувийг 2019, 2020 онуудад өмчлүүлж дуусгах бүрэн боломжтой.

-Газрыг замбараагүй олгодог гэдэг асуудал нийслэл, дүүрэг гэлтгүй аймаг, сумдад хүртэл гардаг. Иймэрхүү нэр хоч танай албаныханд зүүлттэй явдаг нь нууц биш. Ер нь газрыг ямар бодлого үндэслэж олгодог юм бэ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг яаж гаргадаг вэ. Магадгүй, энэ асуулт хот төлөвлөлттэй холбогдох байх л даа?

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан байдаг. Үүний дагуу жил бүр манайхаас Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, НИТХ-аар батлуулдаг. Энэ дагуу газар олголтууд хийгддэг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай цонхыг таглаад байшин барьчихлаа, хашаа барьчихлаа гэсэн маргаан гараагүй. Энэ нь орон сууцны хороолол дотор шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргуулж авсантай холбоотой. Энэ дагуу шинээр нэг ч захирамж гарч, газар олгоогүй.

Харин өмнө нь олгосон байсан газруудыг хүчингүй болгож, иргэд оршин суугчдад, сургууль, цэцэрлэгүүдэд нь буцаан олгосон. Аливаа асуудал эмх цэгцэндээ ороод ирэхээр иргэдээс ирүүлдэг гомдол санал, хий хардалт ч тэр хэрээр буурсан. Цаашдаа ч энэ бодлогыг барьж явна. Ингэж байж хот маань эмх цэгцтэй болох учиртай.

-Цаашид энэ мэт зоригтой алхмуудыг хийгээд явахаар улс төрийн зүгээс дарамт ирж таарах байх. Улстөрчдийн хутгалддаггүй салбар гэж алга. Газар бол ойлгомжтой л гэж бодож байна. Адаглаад л хэн нэгэн улстөрчийн хувийн эрх ашгийг хөндсөн асуудал гарч магадгүй юм?

-Аливаа ажил улс төр, нам хүчнээс хамаарахгүйгээр үргэлжилдэг байх ёстой. Хууль, эрх зүйн хүрээг давсан л бол энэ мэтийн газар чөлөөлөлтийг хийнэ.

-Сонгуулийн мөчлөг танай ажилд нөлөөлж л таарна даа. Ер нь төрийн албанд энэ их нөлөөлөл байх шиг санагддаг юм аа. Үүнийг хувь хүний хувьд яаж хардаг вэ?

-Төрийн алба тасралтгүй үргэлжлэх зарчимтай. Энэ зарчмыг л үргэлжлүүлж, энэ байгаа цаг хугацаандаа бага ч болтугай зөрчлүүдийг цэгцлээд хотоо сайхан эмх цэгцтэй болгоно гэж боддог. Энэ бүх ажлыг хийхэд хамгийн том нөлөө үзүүлэгч нь мэдээж шийдвэр гаргагч. Бид бол гүйцэтгэгчид шүү дээ. Одоо хэрэгжүүлж байгаа явган хүний зам арга хэмжээн дээр л гэхэд Нийслэлийн Засаг дарга зоригтой шийдвэрүүдийг гаргаж, бид түүний дагуу буулгалтуудыг хийж байгаа юм. Тэрнээс хэн нэгнээс айгаад, хэл амнаас эмээгээд захирамжаа гаргаж чадахгүй бол бид ч хийж чадахгүй шүү дээ.

-Туул гол, Зайсан орчмын газрууд иргэдийн хэл амыг их дагуулдаг. Энэ дээр нийслэлийн Газрын алба ямар оролцоотой байдаг юм бэ?

-Туул голоос цаад хэсэг нь тусгай хамгаалалттай газар гэдэг утгаараа БОАЖЯ-нд харьяалагддаг. Газар олголтыг яамнаас хийдэг. Туул голоос нааш хэсэг нь нийслэлийн нутаг дэвсгэрт тооцогдож, Нийслэлийн Газрын албанд харьяалагддаг.

-АНУ-ын санхүүжилтээр Туул голыг хамгаалах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болж байх шиг байна. Энэ ажилд танайхаас ямар ажлууд хийгдэхээр яригдаж байна?

-БОАЖЯ-тай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд Туул голын эхээс эхлээд сав дагуух газруудын судалгааг хийгээд байгаа. Яг голын эхэд олгосон газар одоогоор байхгүй. Байсныг нь бүгдийг хүчингүй болгоод байна.

Туул голын сав дагуу өмнө нь олгогдож, барилга байшин баригдсан газруудад байгаль орчны үнэлгээ хийгдээд явна. Харин олголттой ч байшин барилга бариагүй газруудыг хүчингүй болгосон. Дахин шинээр газар олголт хийхгүй.

-Дуудлага худалдаагаар худалдаж байгаа газрыг ямар шалгуураар сонгодог юм бэ?

-Ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлаад бүс тус бүрээс олгогдоогүй байгаа сул газруудыг дуудлага худалдаагаар оруулж худалдахаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаг. Энэ дагуу олон нийтэд нээлттэйгээр зарлаж, дуудлага худалдааг явуулдаг.

-Та Нийслэлийн Газрын албаны даргаар 2016 онд томилогдсон. Өмнө нь Газрын албанд ажиллаж байсан байх аа. Хэзээнээс Газрын албатай холбогдсон бэ?

-Би 2003 оноос хойш Газрын албанд ажиллаж байна. Анх Чингэлтэй дүүргийн Газрын албанд мэргэжилтнээр ороод дараа нь Нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга хийж байгаад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дэд даргаар жил гаруй ажиллаад 2016 онд энэ ажил дээр ирсэн.

-Газрын албаны сайн, муу нэрийг аль алийг нь үүрэлцэж яваа юм байна?

-Тийм шүү. Монгол Улс түүхэндээ анх удаа иргэддээ газар өмчлүүлэх ажлыг 2003 оноос эхлүүлсэн. Энэ ажилд гар бие оролцож, модон метр бариад газар дээр хэмжилт хийж эхлүүлж байсан хүмүүсийн нэг нь би.

-Өөрөө дотор нь ажиллаж байсан хүний хувьд анх Нийслэлийн Газрын албаны даргын ажлыг аваад үүнийг л хийчихнэ дээ гэж бодож, төлөвлөж, төсөөлж байсан ямар ажил байна вэ. Төлөвлөсөн ажлаа эхлүүлэв үү. Ер нь Газрын алба, түүний алба хаагчид яаж ажиллах ёстой юм бэ?

-Бодож, төлөвлөж байсан ажлуудаа эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Бусад хөгжингүй орнуудын жишээг харахад газар зохион байгуулалтын төлөвлөлтийг мөрдлөгөө болгож, газрын нэгдмэл сангийн тайланг бодитой болгож чадвал иргэдийн амьдрахад таатай нөхцөл бүрдэж эхэлдэг. Амьдрах орчин нөхцөл нь тав тухтай байж иргэдийн тайван бухимдалгүй амьдрах нөхцөл бүрдэнэ.

Намайг анх ажлаа авч байхад автобусны буудлууд ТҮЦ-ээр дүүрсэн байсан. 1990-ээд онд бол ТҮЦ тухайн үеийн нөхцөл байдал, шаардлагаа хангаад ажиллаж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шал өөр болсон. Хадгалалт хамгаалалтын наад захын шаардлагыг хангахгүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарж байна. Архи тамхины хууль зөрчдөг, хавь ойрын орчноо бохирдуулдаг гээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн таагүй байдлууд их гарч ирсэн. Тиймээс үүнийг хамгийн түрүүнд цэгцлэх зайлшгүй шаардлага байсан.

Дараа нь орц, гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг гаргах гээд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийн хангах ажлуудыг эхлүүлсэн. Цаашлаад “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлэхээр эхний алхмуудыг хийж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт энэ тэндгүй баахан хашаа л байна. Ойр орчныхоо харагдах, үзэгдэх орчны хязгаарладаг. Зам талбайг хаадаг. Өнгө үзэмжгүй хашаануудад стандарт тогтоож өгье гэж байгаа юм.

Хэн нэгэн хүн өөрийн газраа, байшингаа тойруулаад ямар ч хамаагүй хашаа хатгасаар байгаад нэг л давчуу, дотор давчдуулсан байдал үүссэн тухай гомдол нэлээд гардаг. Иргэн хүний хувьд надад бас л тийм мэдрэмж төрдөг.

Явган хүний зам гаргаад хашааг нь, эсвэл өргөтгөлийг буулгаад зам талбай гаргаад ирэхэд тэр хавь нь сайхан цэлийгээд, нүд онгойх шиг мэдрэмж төрж байх шиг жишээтэй. Тиймээс энэ олон замбараагүй хашаануудыг нэг стандарттай болгоод нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөд өгвөл хот маань цэлийгээд ирнэ гэсэн төсөөлөл байгаа.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, Элчин сайдын яамдууд ч гэдэг юм уу тусгай хэрэгцээт газрууд л хашаатай байг. Бусад албан байгууллага, хотхон хорооллууд нэг стандартын намхан хашаатай болчихвол хот маань эмх цэгцтэй сайхан харагдана. Хашааныхаа журмыг газар эзэмших эрхийн гэрээтэй уялдуулаад эхэлбэл энэ ажил хэрэгжих боломж байна гэж харж байна. Ийм болгохын тулд ч ажиллаж байна.

Дараа нь энэ олон замбараагүй гараашуудыг цэгцлэх ажлыг хийхээр төлөвлөөд эхний шатны судалгааны ажлууд хийж байна. Өнгө үзэмжгүй, замбараагүй олон гараашуудыг цэгцэлнэ. Судлаад үзэхээр есөн давхар байранд 20 ширхэг машин орох л гарааш байдаг. Тэр гараашуудын 50-60 хувийг машин тавих бус агуулахыг зориулалтаар ашиглаж байна. Үүнийг нийтийн эрх ашгийн төлөө цэгцэлнэ.

Ингэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад тухайн гараашууд байгаа газарт авто зам явах бол зам явуулах, зарим газарт нь тохижилт хийх, боломжтой хэсгүүдэд давхар зогсоол байгуулах гэх мэтээр эмх цэгцтэй болгоно.

Бусад улс орнуудад блок хоорондын өтгөрүүлэлт өндөр байж замын түгжрэл хүртэл саармагждаг. Гэтэл манайд төв замууд л ачаалал ихтэй, түгжрээд байдаг болохоос хороолол доторх замуудад дүүрэн гарааш, хашаа хатгаснаас болоод нэвтрэх боломжгүй байдаг. Тиймээс эдгээрийг цэгцэлж байж, наад захын түгжрэлүүд буурах учиртай.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн харьяат иргэдийг орон нутагт өмчилж авахыг санал болгож, судалгааг авч эхлээд байна. Өнөөдөр Улаанбаатар шинээр олгох газрын нөөц байхгүй болсон. Тиймээс нийслэлийн харьяа иргэд орон нутагт 3500-5000 мкв хүртэлх газрыг өмчлөх эрхтэй байдаг.

-2020 он хүртэл зөрчил арилгах, Улаанбаатар хотыг цэгцлэх ажлыг түлхүү хийнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн зөрчил арилгах ажлуудыг эхлүүлсэн.

-Сонгууль дөхөхөөр л хотод нэр дэвшиж байгаа хүмүүс бөөн бөөнөөр нь газрыг олгодог гэдэг асуудал яригдаад байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоосон нь үүнээс цааш газарт иргэд буувал дэд бүтэц, тог цахилгаан, сургууль, цэцэрлэг гэх мэт хүмүүсийн наад захын хэрэглээг хангаж чадахгүй гэсэн утга юм. Өмнө нь иргэд хөдөө орон нутгаас ирээд л хаа дуртай газраа дураараа буудаг байсан. Үүнийг цэгцэлж байх явцад дөрвөн жилийн цикльтэй сонгууль болдог. Энэ үеэр иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байна гэсэн саналыг нэр дэвшигчдэд хэлж, энэ дагуу газар эзэмших эрхийг олгоод явдаг тохиолдол байдаг байсан. Одоо бол суурьшлын бүсийг тогтоочихсон. Бас хотоос гадагш газар олгох захирамж гаргахгүй байгаа учраас ийм байдал гарах боломжгүй болсон.

-Улаанбаатарын шуурхай удирдлагын төвийн 310005 дугаарын утсанд иргэдээс ирүүлдэг дуудлагын хэдэн хувийг газартай холбоотой санал хүсэлт эзэлдэг гэсэн судалгаа байна уу?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнд хэлбэрийн газрын маргаан бараг байхгүй болсон гэж хэлж болно.

-Үнэн үү?

-Газрын маргаан бол хийсвэр зүйл биш. Яг л бодитой, хоёр эсвэл хэд хэдэн хүний хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй байдаг. Бусдаар огт шийдэгдэж болохгүй асуудал биш учраас маргааныг аль нэг талд гаргаж болдог. Үнэхээр болохгүй асуудал гарвал та шүүхэд хандах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа.

Намайг анх ажлаа авч байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр 300 гаруй маргаан явж байсан. Өнөөдөр тэдгээр маргаан 124 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл 50-60 хувь нь шийдвэрлэгдсэн. Шинээр нэмэгдэх маргаан буурсан байгаа биз.

Энэ оны хоёрдугаар сард Соёлын төв өргөөнд “Газрын харилцаа” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр иргэдтэй нүүр тулж уулзаад асуудлыг ярилцаад явбал маргаан буурах юм байна гэдгийг мэдэрсэн. Эндээс үндэслээд дүүргүүдийн Газрын албадад хороо бүр дээрээ улирал бүр иргэдтэй уулзаж, асуудлаа нээлттэй ярилцаж бай гэсэн үүрэг өгсөн. Ингэснээр иргэдтэй ойр байж, хий хардалт, маргааныг бууруулах нэг үндэс болсон.

-Дүүрэг гэснээс Баянзүрх дүүргийн Газрын албаны асуудал юу болсон бэ. Хоёр намын хоорондын маргаанаас болоод иргэд хохироод байгаа шүү дээ?

-Дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг даргаас санал авч Нийслэлийн Газрын албаны дарга томилно гээд хуулинд заагаад өгчихсөн байдаг. Тэгээд ч Нийслэлийн Газрын албаны бүтэц орон тоо, цалин хөлсийг ГЗБГЗЗГ-аас баталж өгдөг. Харин дүүргийн Газрын албаны бүтэц, орон тоо, цалин хөлсийг Нийслэлийн Газрын албанаас баталж, цалин хөлсийг олгодог. Дүүргийн Засаг даргаас ямар ч хамааралгүй байдаг. Гэтэл дүүргийн Засаг дарга нэг хүн томилоод тэрийг Нийслэлийн Газын албанаас цалин хөлсийг олгодог байж болохгүй шүү дээ. Би тэр хүний цалин хөлс, орон тоог баталдаг байж хамтарч ажиллаж чадах хүнээ л томилж ажиллуулж, хариуцлагыг ч тооцож байх ёстой. Гэтэл аль нэг дүүргийн Засаг даргын томилсон газрын чиглэлээр ямар ч сургууль, соёл төгсөөгүй, ажлын туршлагагүй хүнтэй хамтран ажиллаж, хариуцлага ярина гэж байж болохгүй. Ийм илт хууль зөрчсөн байдал үүсгэснийг хуулийн байгууллага хүртэл шалгаад ийм байж болохгүй энэ буруу байна аа гэсэн шийдвэрээ гаргачхаад байгаа шүү дээ. Энэ утгаараа миний томилсон хүн өнөөдрийн байдлаар ажлаа хийгээд явж байгаа.

-Энэ дүүрэгт газрын ямар ч асуудал шийдэгдэхгүй. Иргэд хохирсоор л байна. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

-2016 оноос хойш дүүргийн Засаг дарга ямар ч захирамж гаргахгүй байсаар жил гарны хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бид зүгээр суугаагүй. Засаг даргатай нь удаа дараагийн уулзалт, хэлэлцээрүүдийг хийсний үр дүнд 2017 оны сүүлээс эхлэн шинээр баталгаажуулалтаас бусад захирамжийг гаргуулж эхэлсэн. Харин шинээр баталгаажилтын захирамжийг одоо хүртэл гаргахгүй хэвээр байгаа. Тиймээс иргэдийн удаан хугацаанд хохироохгүй байх үүднээс заавал дүүргийн Засаг даргын захирамжийг харалгүйгээр нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх боломжийг судалж байна. Үүнийг л энэ асуудлаас гарах гарц гэж харж байна.

Энэ дүүргийн ИТХ-нь албан ёсоор хуралдаагүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ч батлаагүй өдий хүрсэн.

Иргэд газрын гэрээ, гэрчилгээг Газрын алба бичдэг болохоор Газрын алба л ажлаа хийхгүй байна гэж боддог. Гэтэл газартай холбоотой бүх шийдвэрийг дүүргийн Засаг даргын гарын үсэгтэй захирамжаар шийдвэрлэдэг. Захирамжийн дагуу дүүргийн Газрын алба гэрээ, гэрчилгээг бичиж олгодог гэдгийг тэр бүр мэддэггүй ээ.

-Ирэх жил энэ, энэ байршлуудад газар олголтыг хийнэ ээ гэсэн мэдээлэл байна уу?

-Яг одоо ирэх жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох байгууллагуудаас авч нэгтгэх ажил хийгдэж байна. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд боловсруулалт хийж дуусгаад НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна. Эндээс л хаана ямар зориулалтаар газар олголт хийгдэх вэ гэдэг тодорхой болно. Гэхдээ нийслэлд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа. Олгох боломжтой газрууд нь дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, тог цахилгаан, зам харилцаа байхгүй газрууд л байна.

-Газартай холбоотой хүсэлтийг заавал энд ирж ачаалал үүсгэхгүйгээр цахимаар авах боломж байна уу?

-Төрийн байгууллагын хувьд анх удаагаа ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр эхний алхмуудаа бид хийж эхэлсэн. Төрийн байгууллагаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай болгох зорилготой ажиллаж байна. Хаана механик ажиллагаа их байна, хаана алдаа, дутагдал гарч байгааг судалж, аль хэсгийг цахим болгох вэ гэдгийг судлаад хэд, хэдэн төрлийн үйлчилгээг цахимжуулахаар ажлууд хийгдээд дуусч, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Жишээ нь, иргэн өөрийн газартай холбоотой хүсэлтээ нэг цэгийн үйлчилгээгээр өгөөд өргөдөл нь хаана, хэн дээр ямар шатандаа явж байгаа цахимаар харж, хянах боломжийг олгохоор бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Газрын албанд хандаж гаргасан газрын эрхийн хугацаа сунгах, эрх шилжүүлэх, талбай хэмжээ өөрчлөх гэх мэт хүсэлтийг манайх дотооддоо Газрын эрхийг хянан шийдвэрлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараагаар НЗДТГ-ын хуулийн хэлтэс, тамгын газрын дарга, Засаг даргын зөвлөх хянаад дараа нь Нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурснаар захирамж гардаг. Эдгээр шат дамжлага дээр ч цаг хугацаа алдах тохиол гардаг. Тиймээс яг хаана, ямар шатандаа явж байгааг иргэд нээлттэй хянадаг болно гэсэн үг л дээ. Үүнээс гадна ачааллыг бууруулахаар хороо бүрийн Газар ашиглалтын сэдэвчилсэн мэдээллийг багтаасан альбомыг хийж хороодод өгөхөөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийг мэдээлэл авахаар ирж байгаа механик ачааллыг бууруулж өгөх юм. Энэ альбомд тухайн хорооны хил хязгаар, хүн амыг тооноос эхлээд бүх төрлийн статистик тоо баримт, хамгаалалтын бүс, өмчилсөн нэгж талбарын тоо, эзэмших гэрчилгээтэй нэгж талбарууд нь аль вэ, одоо хаана, хаана эзэмших, өмчлөх боломжтой вэ гэх мэт бүх төрлийн мэдээллийг нээлттэйгээр оруулаад өгнө. Тэгвэл иргэд заавал дүүргийн Газрын албанд ирж өөрийн газрын мэдээллийг авах гэж ачаалал үүсгээд байхгүйгээр хороо дээр очоод альбомоосоо эдгээр мэдээллийг авчих боломж бүрдэх юм. Өөрийн газрыг өмчлөх боломж байна уу, миний газар үер усны хамгаалалтыг бүсэд өртөж үү, шугам сүлжээ, авто зам хаагуур хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гээд өөрт хэрэгтэй мэдээллийг бүгдийн нэг дороос харах боломжтой.

Манай мэргэжилтнүүд ч энэ мэдээллийг өгөх гэж цаг хугацаа зарцуулахгүй, өөр бусад нарийн төлөвлөлт шаардсан ажлуудаа хийх боломж бүрдэнэ.

-Газрын төлбөрийн орлогоос нийслэлийн төсвийг бүрдүүлдэг. Энэ орлого хэдэн хувьтай байна вэ?

-2016-2018 оны III улирлын байдлаар Газрын төлбөрийн орлогын биелэлт 100-гаас дээш хувиар биелүүлж байгаа. Газрын төлбөрийн суурь үнийн өөрчлөлтүүд хийгдсэн. Дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн. 2015 онд дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосноос үүдэж дуудлага худалдаагаар зарагдах газруудын суурь үнэ өндөр болж худалдан авагчгүй болсон байсан. Энэ үнийг бууруулж чадсанаар дуудлага худалдаа бага ч гэсэн оролцогчтой болж эхэлж байна.

Сая газрын үнэлгээний бүсчлэлийг Засгийн газрын тогтоолоор шинэчилсэн. Өмнө нь газрын төлбөрийн таван бүсчлэлтэй байсан бол одоо 16 бүстэй болж өөрчилсөн. Энэ өөрчлөлтүүдийг нийслэл дээр хийж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 2018.11.06

Хандалт

647596
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
223
2462
10068
647596

Таны IP: 54.221.9.6

Нийгмийн сүлжээ