Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Хөдөлмөрийн дотоод журам

Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 11 дүгээр
сарын 08- ны өдрийн ........ тушаалын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн Газрын алба /цаашид “алба” гэх/ -ны хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа, албан хаагчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Алба нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Концессын тухай, Газрынтухай багц хуулиуд болон Авлигын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Алба нь Газар Зохион Байгуулалт Геодези Зураг Зүйн Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын өмнө газрын харилцаатай холбогдсон нэгдсэн бодлого шийдвэрийг боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, дүүргийн газрын албыг нэгдсэн удирдлагаар хангах, Улаанбаатар хотыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар салбар хоорондын зохицуулалтаар хангаж удирдана.

1.4. Алба нь Засгийн Газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

1.5. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хэлтэс, дүүргийн газрын албаны дарга нар зохион байгуулж, гүйцэтгэлд Захиргааны хэлтэс хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг даргын зөвлөлд танилцуулж байна. “Даргын зөвлөлийн ажиллах журам”-ыг албаны даргын тушаалаар батална.

1.6. Албаны дарга өөрийн бүрэн эрхэд хамаарах ажлын зарим хэсгийг эрх шилжүүлэх хэлбэрээр орлогч дарга болон хэлтэс, албадын даргаар хэрэгжүүлж болно.

Хоёр. Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

2.1. Нийслэлийн Газрын албаны дарга /Төсвийн шууд захирагч/ төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-р заалтын дагуу томилон, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

2.2. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно. Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадвараа нотолж чадсан эсэхээс хамааруулан Төсвийн шууд захирагчийн шийдвэрээр жинхлэх буюу ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

2.3. Иргэнийг төрийн албан тушаалд томилох болон ажилд авахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.Үүнд:

2.3.1.төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

2.3.2.боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ны нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.3.3.намтар /3 үеийн/;

2.3.4.нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.3.5.иргэний үнэмлэхний хуулбар;

2.3.6.төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал /төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/ эрүүл мэндийн бичгийн хамт;

2.3.7.өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;

2.3.8.зураг 4 хувь /4*6/;

2.3.9.ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл;

2.3.10.бусад.

2.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг албаны даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Хөдөлмөрийн гэрээг албаны дарга албан хаагчтай заавал бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

2.5. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана:

2.5.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр;

2.5.2.ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг;

2.5.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалин;

2.5.4.хөдөлмөрийн нөхцөл;

2.5.5.ажлын цаг;

2.5.6.гэрээний хугацаа.

2.6. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр томилогдсон албан хаагчид байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээ, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг танилцуулна.

2.7. Шинээр ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор албан хаагчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Албан хаагчдын хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна.

2.8. Хэлтэс, дүүргийн газрын албадын дотор албан хаагчдыг сэлгэн ажиллуулах асуудлыг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн албаны даргын тушаалаар шийдвэрлэнэ.

2.9. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу олгоно.

2.10. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаас гадна, нийт албан хаагчдыг “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил”-д тооцсон болон “хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлах”-аар харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ.

2.10.1.Хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцөлүүд:

· Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжид харш үйл ажиллагаа явуулсан; /Тус зөрчлийг тооцохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг баримтална./

· Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, бусдад өгч үрэгдүүлэх зэргээр ажил олгогчийн итгэл алдагдуулсан;

· Архивын материалыг хувийн ашиг сонирхол болон бусад шалтгаанаар нуун дарагдуулах, устгах, сольсон нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон;

· Гэмт хэрэг үйлдсэн нь хууль хяналтын байгууллага болон шүүхээр тогтоогдвол;

· Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн нь нотлогдсон, өрөө тасалгаанд тамхи татсан;

· Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь тогтоогдвол;

· Үр дүнгийн гэрээ дүгнэхэд “F” буюу “хангалтгүй” үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах арга хэмжээ авна.

2.10.2.Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцсон нөхцөлүүд:

· Байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан;

· Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан;

· Албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан нь тогтоогдсон;

· Нягтлан бодох бүртгэлийн баримт данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх;

· Хариуцсан эд зүйлсийг бүртгэл, тооцоо хяналтаас гадуур бусдад худалдах, солих;

· Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн;

· Байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулах.

2.11. Албан хаагчид нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд албаны баримт бичиг, ажлын файл, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хэлтэс, албаны холбогдох албан тушаалтнаар тойрох хуудсыг бөглүүлж, тооцоо хийсний дараа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэргээ авна.

2.12. Ажлын зайлшгүй шаардлагын дагуу гэрээт ажилтанг хөлсөөр ажиллуулж болно. Хөлсөөр ажиллах гэрээг албаны дарга гэрээт ажилтантай бичгээр байгуулна.

Гурав. Захиргааны эрх,үүрэг

3.1. Захиргаа дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.1.1. Албаны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

3.1.2. Хөдөлмөрийн сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

3.1.3. Албан хаагчийг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ба төрийн албан хаагчийн ажлын байрны стандартад нийцсэн байна.

3.1.4. Хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм, журмыг батлан мөрдүүлж, байгууллагын веб сайтад байрлуулах.

3.1.5. Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг сайжруулах.

3.1.6. Албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн чөлөөт цаг, амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар тухай бүр анхаарч тодорхой ажил зохион байгуулах.

3.1.7. Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх.

3.1.8. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гал усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

3.1.9. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ авах.

3.1.10.Албан хаагчдаас ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу хийгдсэн үр дүнгийн гэрээний биелэлт болон эрхэлсэн ажлын чиглэлээр нь цаг үеийн асуудалтай холбогдсон үүрэг даалгаврыг өгч, түүний хэрэгжилт үр дүнг шаардах, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх.

3.1.11.Албан хаагчид нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг хамгаалах талаар албаны удирдлага санаа тавьж, газрын асуудалтай холбоотой зөрчил маргаан шийдвэрлэх, газар чөлөөлөх зэрэгт цагдаагийн байгууллага, хамгаалалтын албатай хамтран ажиллана.

3.1.12.Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.2. Албан хаагчид нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.2.1. Албан хаагчид нь холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдэлнэ;

3.2.2. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.

3.2.3. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, төрийн албаны захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллах, харъяа дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх;

3.2.4. Албан хаагчид нь мэдээллийн самбар болон дотоод сүлжээнд байрлуулсан мэдээлэлтэй танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, дүн мэдээг бичгээр гарган, хариуцсан мэргэжилтэнд өгч нэгтгүүлэх;

3.2.5. Албан хаагчид нь эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон тогтоосон журмыг хатуу чанд сахиж мөрдлөг болгон ажиллах;

3.2.6. Албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байх, албан ажлын холбогдолтой файлыг жилийн эцэст мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнд өгч архивлуулах;

3.2.7. Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, гал усны аюулаас сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, ажлын цагаар ажил үүрэгт холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;

3.2.8. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, бусдад ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулах, хөндлөнгөөс үл оролцох, бие биедээ хүндэтгэлтэй хандах, хамт ажиллагсад болон удирдлаган дор байгаа албан хаагчид ажлын байрны болон сэтгэл зүйн дарамт, шахалт үзүүлэхгүй байх;

3.2.9. Албаны өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх;

Өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж, хувийн хэрэгтээ жил тутамд баяжилт, хөдөлгөөн нэмэлт хийнэ;

Гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудсыг холбогдох нэгж, албан тушаалтанд тайлагнаж байх

3.2.10 Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөх,

3.2.11 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах;

3.2.12 Албан хаагчид нь холбогдох хууль болон энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ зөвхөн мэргэжлийн байр сууринаас хандана;

3.2.13 Компьютер, техник тоног төхөөрөмжийн лацыг дур мэдэн хөдөлгөх, эд ангийг солих, албатай гэрээ, хэлцэл хийснээс бусад байгууллага, хувь хүнээр засвар үйлчилгээ хийлгэхийг хориглоно;

3.2.14 Ажлын бус цагаар гадны хүн дагуулж ажлын байранд нэвтрэхийг хориглоно;

3.2.15 Албаны эд хөрөнгө, техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах, гадны хүнийг компьютер, техник хэрэгсэл дээр ажиллуулах, тэднийг ажлын байранд хяналтгүй үлдээх, дадлагын оюутнаар ажил үүргээ гүйцэтгүүлэхийг хориглоно.

Дөрөв. Ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа.

4.1 Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон энэхүү журамд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг “ёс зүйн зөрчил” гэж үзнэ.

4.2. Нийт албан хаагчид “Ёс зүйн дүрэм”-ийг хэрхэн сахин биелүүлж байгаад даргын дэргэдэх “Ёс зүйн хороо” хяналт тавина.

4.3. Албан хаагчид Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэдээс ирүүлсэн гомдол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр даргын дэргэдэх “Ёс зүйн хороо”-гоор хянан шийдвэрлүүлж, холбогдох арга хэмжээг авна.

4.4. Ёс зүйн хороо нь “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам” -ын дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Тав. Албаны ажлыг төлөвлөх, тайлагнах үнэлэх, мэдээлэх

5.1 Алба нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Албаны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсөв боловсруулах үндэслэл бөгөөд Төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна. Хэтийн төлөвлөгөөг байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, албажуулах ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь 3 жилээр байна.

5.2 Хэлтэс, дүүргийн газрын албад нь хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн нийлүүлэх бүтээгдэхүүн, үйл ажиллагааны төлөвлөгөөг төр засгийн бодлого, холбогдох хууль тогтоомж болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, дэвшүүлсэн зорилт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилттой уялдуулан гаргаж, тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор албаны газрын даргаар батлуулна. Захиргааны хэлтэс байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, албаны даргаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

5.3 Хэлтэс, дүүргийн газрын албад нь жилийн төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа улирлаар төлөвлөн ажил хариуцсан орлогч даргаар, албан хаагчид ажлаа улирал, жилээр төлөвлөж нэгжийн даргаар батлуулна.

5.4 Төсвийн тухай хуульд нийцүүлэн байгуулах үр дүнгийн гэрээг Төсвийн Ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор, Төсвийн шууд захирагчтай нэгжийн менежерүүд 01 дүгээр сарын 20-ны дотор, Төсвийн шууд захирагчтай буюу төсвийн шууд захирагч эрхээ шилжүүлсэн бол менежертэй албан хаагчид 01 дүгээр сарын 30-ны дотор тус тус байгуулна.

5.5 Хэлтэс, дүүргийн газрын алба нь тодорхой шийдвэр гаргуулах асуудлын төслийг “санал авах хуудас”-аар танилцуулах бөгөөд Захиргааны хэлтэст мэдэгдэн, уг асуудлыг Захиргааны хэлтсийн дарга албаны даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.

5.6 Хэлтэс, дүүргийн газрын албад нь хагас жилийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тухайн жилийн 06 дугаар сарын 20-ны дотор; жилийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж, Захиргааны хэлтэст өгнө. Тус хэлтсээс хагас, бүтэн жилийн тайлан мэдээг нэгтгэж, даргын зөвлөлд танилцуулна.

5.7 Албаны төсвийн төслийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу Санхүү аж ахуйн хэлтэс зохион байгуулна. Түүнчлэн албаны үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг зүйл, ангилалаар нь тооцож, бүтээгдэхүүний өртөгтэй холбон дүгнэлт хийж, даргын зөвлөлийн хуралд тайлагнаж байна.

5.8 Албаны бүтэн жилийн үйл ажиллагааны тайланг Захиргааны хэлтэс нэгтгэн, дүгнэлт хийж, тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор гарган холбогдох газарт хүргүүлнэ.

5.9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, дээд байгууллагын захирамж, тогтоол шийдвэрийн биелэлтийн мэдээг хэлтсийн ахлах мэргэжилтнүүд хариуцан, улирал бүр гаргаж, Захиргааны хэлтэст ирүүлнэ.

5.10 Хэлтэс, дүүргийн газрын албад нь газрын шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж баталгаажуулан, Захиргааны хэлтэст тогтоосон хугацаанд ирүүлнэ.

5.11 Албаны албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг албаны дарга, түүний эзгүйд орлогч даргаар хянуулан, тэдний зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр дамжуулан хэрэгжүүлнэ.

Зургаа. Үр дүнгийн гэрээг дүгнэх

6.1. Төсвийн шууд захирагч нь хэлтэс, дүүргийн газрын албаны төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин / үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

6.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-г үнэлж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд Төсвийн шууд захирагч дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий байгууллагад саналаа тавьж болно.

6.3. “А” буюу “маш сайн” үнэлгээ авсан бол албан тушаал дэвшүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас өмнө олгох, төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах, цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтанд хамруулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох;

6.4. “В” буюу “сайн” үнэлгээ авсан бол одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах, дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны сургалтанд хамруулах, төрийн жинхэнэ албан хааагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;

6.5. “С” буюу “хангалттай” үнэлгээ авсан бол цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтанд хамруулах;

6.6. “D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах, төрийн албан хаагчийн мэргэшлийн зэргийг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулах;

6.7. “F” буюу “хангалтгүй” үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах.

Долоо. Ажлын цагийн горим

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба өглөө 8.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна. Үдийн завсарлага 12.30 цагаас 13.30 цагийн хооронд байна.

7.2. Албан хаагч бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цаг бүртгэх хурууны хээний аппаратад цагаа бүртгүүлж байна. Нэгжүүд цагийн балансыг сар тутам Санхүү аж, ахуйн хэлтэст ирүүлнэ.

7.3. Ажлын цаг ашиглалтын бүртгэл хөтлөлтөнд Захиргаа болон Санхүү, аж ахуйн хэлтэс хяналт тавих бөгөөд дүнг албаны даргад мэдэгдэж байна. Сард хоцорсон минут 300 минут хүрвэл сахилгын шийтгэл ногдуулна.

7.4. Ажлын цагийн дундуур албан ажлаар гадуур явахдаа нэгжийн дарга нар газрын даргад, албан хаагчид харъяалах нэгжийн даргад мэдэгдэн гадуур ажиллах бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ.

7.5. Албан хаагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх бололцоогүй тохиолдолд шууд удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ.

7.6. Захиргааны санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно.

7.7. Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаан /гэр бүлийн гишүүн нэмэх, шалгалт шүүлэг өгөх гэх мэт/-ийн улмаас албан хаагчид чөлөө олгож болно. Ажлын 1 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтэс, дүүргийн газрын албаны дарга, 2 буюу түүнээс дээш хугацааны чөлөөг албаны дарга олгоно. Чөлөөний хуудсаар чөлөө аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. Цалинтай чөлөө олгох асуудлыг албан хаагчийн өргөдөл, тухайн хэлтсийн даргын үндэслэл бүхий тодорхойлолт, баримтыг үндэслэн газрын даргын тушаал гаргаж шийдвэрлэнэ.

7.8. Жил бүрийн 1 дүгээр улиралд албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг албаны даргын тушаалаар баталж гаргах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Шинээр ажилд орсон албан хаагч 6 сар ажилласны дараа ээлжийн амралт олгоно.

7.9. Албан хаагчид жил бүрийн ээлжийн амралтыг биеэр эдэлнэ. Захиргааны шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

7.10. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Санхүү болон албан хаагчид хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгуулна. Албан хаагч нь ажлаас халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж байна.

7.11. Нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг албаны даргын тушаалаар батлуулж жижүүрт хувийг өгч, хэрэгжилтэнд Захиргааны хэлтэс хяналт тавьж ажиллана. Хариуцлагатай жижүүрээр томилогдсон албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр утсаа салгах, зөрчил маргааныг тухайн өдөрт нь шалгаж хариу өгөхгүй байх зэрэгт сахилгын арга хэмжээ авна.

Найм. Дотоодын хяналт шалгалт, дэг журам

8.1. Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг албаны хэмжээнд орлогч дарга нь хэлтэс, дүүргийн газрын албаны ажлын чиг үүргийн хэрэгжилтэнд хяналт тавина.

8.2. Албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг сахиж мөрдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг Захиргааны хэлтэс хариуцан ажиллана.

8.3. Хэлтэс, дүүргийн газрын алба, албан хаагчдын үйл ажиллагаанд гэнэтийн болон графикт шалгалт хийх чиг үүргийг албаны даргын тушаалаар “ажлын хэсэг” хэрэгжүүлэх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг даргын Зөвлөлийн хуралд танилцуулан, холбогдох арга хэмжээг албаны даргын тушаалаар шийдвэрлэнэ;

8.4. Албан хаагч бүр төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн төлөв түвшин хувцаслана. Ажлын байранд этгээд содон хэв маяг, чөлөөт загвараар хувцаслахыг хориглоно.

8.5. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг дагаж мөрдөнө;

8.6. Албаны факсын аппаратаар зөвхөн албаны гадаад, дотоод мэдээ, материал хүлээн авах, дамжуулахад ашиглана;

8.7. Албан хаагчдын ажлын хэрэгцээнд ажлын өрөө бүрт холбооны утас байх бөгөөд ажил үүргийн онцлогийг харгалзан зарим өрөөний утсанд лимит тогтооно. Телефон утасны сарын төлбөрийг холбооны нэхэмжлэлтэй тулган, Санхүү аж ахуйн хэлтэс хяналт тавина;

8.8. Албаны болон хувийн хэргээр албаны даргатай уулзах хүнийг батлагдсан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ.

8.9. Байгууллагын албан хаагч бүр энгэрийн тэмдэг тогтмол зүүж хэвших бөгөөд хаяж үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд энгэрийн тэмдэгний үнийг тухайн албан хаагч өөрөө төлж дахин авна.

8.10. Байгууллагын ажлын байранд дараах зүйлийг хориглоно:

8.10.1.зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах;

8.10.2.буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах;

8.10.3.том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа, материал зөвшөөрөлгүй оруулах;

8.10.4.согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;

8.10.5.ажлын байранд танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах;

Ёс. Албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа

9.1. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажиллагсдад цалин хөлс, нэмэгдлийг олгоно. Цалинг сард 2 хувааж / сар бүрийн 10, 25-ны өдөр/ тогтоосон хугацаанд олгоно.

9.2. Албан хаагчдын ажлыг жилээр дүгнэж шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэж байна.

9.3. Албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар хослон буюу хавсран ажилласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу үндсэн цалингийн 40 хүртэл хувийг төсвийн шууд захирагч буюу албаны даргын шийдвэрийг үндэслэн олгож болно.

9.4. Албан хаагч нь улс, нийслэл, дотоодын болон гадаад орны хөрөнгө, тусламж, тэтгэлгээр мэргэшлээ дээшлүүлэх 3 сар хүртэл сургалтын хугацаанд цалин олгох эсэх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

9.5. Төрийн албаны тухай хуулийн 29.2 дах заалт, Сангийн сайдын 2006 оны 64 дүгээр тушаалын дагуу төрийн албан хаагчид албан томилолтын болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг сар тутам бодож олгоно. Түүнчлэн албан хаагчдад олгох хоолны мөнгөний хэмжээг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтооно.

9.5.1 Төрийн албаны тухай хуулийг үндэслэн албан хаагчдад ажилдаа ирэх, буцах унааны мөнгийг ажлын өдөрт 1000 хүртэл төгрөгөөр бодож, сар бүр олгох;

9.5.2 Албан хаагчдад хоолны үнийн хөнгөлөлтийг ажлын өдөрт 4000 хүртэл төгрөгөөр бодож, сар бүр олгох;

9.5.3.Албан хаагч нас барвал түүний 3 сарын үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээтэй тэнцэх мөнгөн тусламжийг гэр бүлд нь олгох;

9.5.4.Албан хаагчийн эхнэр (нөхөр), хүүхэд, төрсөн эцэг, эх нас барвал 300000 хүртэл, төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх нас барвал 200000 хүртэл төгрөгийн тусламж олгох;

9.5.5.Байгалийн гамшиг, осолд ажилтны гэр орон өртсөн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн 500000-1000000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох;

9.5.6.Албан хаагч шинээр гэр бүл болоход албанаас 500000 хүртэл төгрөгийн үнэ бүхий бэлэг дурсгалын зүйл өгөх;

9.5.7.Нийслэл, дүүргийн газрын албанд ажиллаж байх хугацаанд 50, 60 насны ой тохиосон албан хаагчид 150000 төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулах;

9.5.8.Албан хаагчид ээлжийн амралтынхаа үеэр төрсөн нутагтаа явах унааны нэг талын зардлыг автомашин эсвэл төмөр замын тээврийн хэрэгслийн зардлаар тооцож 2 жилд нэг удаа байгууллагаас гаргаж өгөх;

9.6 9.5.1-9.5.8-д заасан тэтгэмжүүдийг тухайн жилийн төсвийн хүрээнд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэний үндсэн дээр өөрчилж болно.

9.7. Ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад нь 500.000 төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлнэ.

9.8. Албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, орон сууцны судалгааг төрөлжүүлж гаргах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад зөвхөн өөрийн хэрэгцээнд орон сууц барих зэрэгт дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхэд тусална.

9.9. Ажилтны 18-аас доош насны хүүхдэд эх үрсийн баяр, шинэ жилийн баяраар бэлэг олгоно.

9.10. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдана.

9.11. Тус албанд 10 болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн төрийн үйлчилгээний албан хаагчид 3 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгоно.

9.12. Нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд байгууллагад ажилласан хугацаанаас хамааран 3 сар хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

9.13. Хууль тогтоомжид заасан бусад нөхөн төлбөр, тусламж олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

Арав. Шагнал, урамшуулал олгох

10.1. Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын болон албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчид дараах урамшуулал олгоно.

10.1.1.хамт олны өмнө сайшааж, баяр хүргэх;

10.1.2.үнэ бүхий зүйлээр шагнах;

10.1.3.мөнгөн шагнал олгох /1 сарын үндсэн цалин/

10.1.4.байгууллагын өргөмжлөлөөр шагнах;

10.1.5.байгууллагын хүндэт дэвтэрт бичих;

10.1.6.НИТХ, НЗД-ын шагнал болон бусад байгууллагын

шагналд тодорхойлох;

10.1.7.Засгийн газрын болон төрийн дээд шагналд тодорхойлох;

10.1.8.Гадаад, дотоодод аялах эрхээр шагнах;

10.2. Төрийн албан хаагчийг шагнаж урамшуулахдаа шууд харъяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

10.3. Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, албаны даргын тушаалаар хэлтэс дүүргийн газрын албаны оны шилдэг албан хаагчийг шалгаруулж,байгууллагын хүндэт өргөмжлөл, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

10.4. Төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагчид жилийн ажлын үр дүнгээр холбогдох журмыг баримтлан мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээ хэлбэрийг Төсвийн шууд захирагч тогтооно.

10.5. Салбарын тэргүүний цол, тэмдэг, яамны жуух бичгээр шагнагдсан тохиолдолд холбогдох журмын дагуу байгууллагаас олгох дагалдах мөнгөн шагналыг олгоно.

10.6. Албан хаагч нь Төр засгийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан тохиолдолд 300 000 /гурван зуун мянга/ хүртэлх төгрөгийн үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Арван нэг. Сахилгын шийтгэл ногдуулах

11.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан,

ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна.

11.2. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

11.3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцлага тооцно.

11.4. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш жилийн хугацаанд уг албан хаагчид хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал урамшуулал олгохгүй бөгөөд шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

11.5. Хэлтэс, дүүргийн газрын албаны удирдлагууд албан хаагчдынхаа ажил үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан анхааруулах хуудсаар сануулах арга хэмжээ авч болно. 2 удаа анхааруулах хуудсаар сануулга авсан албан хаагчид дахин зөрчил гаргасан тохиолдолд тухайн албан хаагчыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэхээр албаны даргад санал гаргаж болно.Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна.

11.6. Сахилгын шийтгэлийг албаны даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг Захиргааны хэлтэс албан хаагчид өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт нь хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ. Орлогч дарга, хэлтэс, дүүргийн газрын албаны дарга нар нь сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг даргын Зөвлөлийн болон Ёс зүйн хорооны хуралд оруулж болно.

11.7. Доор дурдсан үндэслэл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно:

11.7.1 Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй; 11.7.2 Албан хаагч нь урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан;

11.7.3 Ажлын цаг ашиглалт хангалтгүй байх, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажлаас хоцорсон;

11.7.4 Хэвлэмэл хуудсыг өөр зориулалтаар хууль бусаар ашигласан, хуурамч баримт бичиг, материал үйлдсэн;

11.7.5 Байгууллагаас зохион байгуулагдаж буй нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцоогүй;

11.7.6 Иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн; 11.7.7 Дээд газраас ирсэн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй;

11.7.8 Цалинтай болон цалингүй чөлөө, эмнэлгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн,

11.7.9 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Арван хоёр. Бусад асуудлын талаар

12.1. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

12.2. Агентлаг, байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

Хандалт

108526
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
190
2188
6568
108526

Таны IP: 54.166.153.192

Facebook